Хадгалалт хамгаалалт
Соёлын өв, дурсгалт газрын хадгалалт хамгаалалт нь бүртгэн баримтжуулалт, судалгаа шинжилгээ, сурталчилгаа, ашиглалт зэрэг хэд хэдэн хэсгээс бүрддэг.
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалын хувьд дээрх хэсгүүдээс бүртгэн баримтжуулалт, судалгаа шинжилгээний ажил нэлээд түлхүү хийгдсэн байдаг бөгөөд үүгээр дамжуулсан мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Харин дурсгалт газрын түүхэн ач холбогдол, урлагийн үнэ цэнийг олон нийтэд буюу үндэсний хэмжээнд болон орон нутгийн ард иргэд, албан тушаалтнуудад сурталчлан таниулах ажил харьцангуй бага хийгджээ. Тийм учраас өдгөө хадны зураг дээр орчин үеийн хүмүүс янз бүрийн зүйлс давхарлан зурж, сийлэх явдал цөөнгүй байна.
Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн холбогдох байгууллагууд дурсгалт газрын талаарх мэдээллээ нэгтгэх, мэдээллийн сан үүсгэх, мэдээллээ солилцох, хуваалцах нь хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах бас нэг чухал хэсэг юм.
Ингэснээр хадны зургийн дурсгалт газрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, Монгол Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын маршрутын нэгдсэн бодлоготой уялдуулах зэрэг ажлуудад бодит дэмжлэг болох юм.
Түүнчлэн, хадны зургийн дурсгалт газруудад түүх, археологи, угсаатны зүй, урлаг судлал зэрэг шинжлэх ухааны судалгаанаас гадна эрсдэлийн судалгааг хийж, дурсгалд сөргөөр нөлөөлж байгаа байгалийн болон нийгмийн хүчин зүйлсийг тодруулах, тэдгээрийг бууруулах судалгааг зохион байгуулах нь чухал юм.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” 2017 оны 181 дүгээр зарлигтаа... Хадны зураг, бичээсийг хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг бүх шатны засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага; шинжлэх ухаан, нийгэм соёлын зүтгэлтнүүд, аялал жуулчлалын байгууллага, ард иргэдэд уриалжээ.
Дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Соёлын өвийн үндэсний төв Монгол Алтайн нурууны хадны зургийн хадгалалт хамгаалалтыг сурталчилгаагаар дамжуулан сайжруулах, орон нутгийн иргэдийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд Монгол Алтайн хадны зургийг хүртээмжтэй байдлаар цахим орчинд сурталчлах ажлын хээрийн судалгааг аймгийн музейтэй хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ.
Хээрийн судалгааны эхний жил дурсгалт газрын газар зүйн мэдээллийн санг бий болгох, цаашид ашиглах гэрэл зургийн санг бүрдүүлэх, дурсгалт газруудын байгаль, газар зүйн талаарх төсөөлөлтэй болоход чиглүүлсэн бөгөөд нийт 36 солбицол тогтоож, 33 панорам (Цагаан салаа/Бага ойгор 23, Шивээт хайрхан 5, Арал толгой 5), болон Хар Ямаат, Дан баатрын хөшөө, Битүү, Харгайтын хүн чулуу зэрэг улс, аймгийн хамгаалтад байх дурсгалуудыг гэрэл зураг, photoscan зэргээр баримтжуулалт хийв.
Мөн улсын хамгаалалтад байх Улаан хус сумын нутагт орших Хар Ямаатын хүн чулуун хөшөө, Цэнгэл сумын нутагт орших Даян Баатарын хөшөө хэмээн хүн чулуунд эвдрэл гэмтлийн судалгаа хийж, анхан шатны цэвэрлэгээ хийсэн юм. Мөн орон нутгийн холбогдох хүмүүсийг судалгааны ажилдаа татан оролцуулж газар дээр нь мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч бүртгэлийн ажлын арга зүйгээр хангаж, чадваржуулахыг зорьсон болно. Хээрийн судалгааны хоёр дахь жил Монгол Алтайн нурууны хадны зургийн хээрийн судалгаа нь тухайн бүс нутгийн улс, аймгийн хамгаалалтад байдаг дурсгалуудын бүртгэн баримтжуулалтыг сайжруулах, мэдээллийн санг баяжуулах, хадны зурагт сөргөөр нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах, хадны зураг дээр орчин үеийн хүний зурж сийлсэн сийлсэн элдэв зүйлийг хэсгийг нөхөх, түүнд тохирох материал, аргачлалыг турших, зарим ач холбогдол бүхий хадны зургаас дардас авах зэрэгт чиглэв. Бидний өмнө жилийн хээрийн судалгаагаар дурсгалт газруудад нутгийн иргэд нэр ус, элдэв зураг зэргийг сийлэх явдал нэлээд түгээмэл болсон билээ. Тиймээс бид энэ удаа дээрх 3 дурсгалт газарт очиж энэ талын мэдээлэл цуглуулав.
Мөн Шивээт хайрхан, Цагаан салаа/Бага Ойгор орчимд малчдын хаваржаа, намаржаа, өвөлжөө зэргийн байршлыг тэмдэглэх ажлыг хийсэн бөгөөд нийт 35 орчим байршил тогтоов. Эдгээр байршлыг хадны зургийн дурсгалтай давхцуулан газрын зурагт буулгахад ихэнх вандализмд өртсөн хадны зургууд айлын өвөлжөө, хаваржаа, намаржааны ойр орчимд байгаа нь ажиглагдлаа. Эндээс үзвэл хадны зурагт сөргөөр нөлөөлж байгаа хүний хүчин зүйлс нь ихэвчлэн нутгийн малчдаас үүдэлтэй байгаа нь харагдаж байна. Үүнд, ихэвчлэн хадны зураг дээр өөрсдийн нэр, он сар, элдэв зураг зурж сараачих, хадны зурагтай хадыг малын болон өвсний хашаа, хороо, байшин сууцандаа зөөж ашиглах зэрэг сөрөг үйлдлүүд хийж байна.
2018 оны хээрийн судалгааны ажлын хүрээнд Цагаан салаа/Бага Ойгор, Шивээт хайрхан орчмын хадны зургууд дээрх гэмтэл буюу өнөө цагт хүмүүсийн гараар сийлсэн, бичсэн бичгүүдийг сэргээн засварлаж тухайн дурсгалын эх байдал, төрхийг хадгалах ажлыг хийх зорилтыг мөн тавив. Уг ажлын хүрээнд Шивээт хайрханы хадны бүлэг зургууд бүхий хавтан чулууны зүүн урд хэсэгт байх томоохон хэмжээний морины дүрслэл бүхий зургийн доод хэсэгт 20 см урт 3 см өргөнтэй “СЕКУ-АЙНУ” гэж 3-4 мм өргөн зураас гаргаж 1-3 мм орчим гүн сийлж бичсэн нь дурсгалын үзэмж үнэ цэнийг алдагдуулж үндсэн дүрслэлийг бүдгэрүүлж байсан тул энэ хэсэгт сэргээн засварлах туршилт ажлыг хийв.
Сэргээн засварлах ажлын хэрэгцээнд ОХУ-д үйлдвэрлэсэн Moment эпокси цавуу болон Австри улсад үйлдвэрлэсэн “Akepox 2010” чулууны сэргээн засварлалтын ажилд хэрэглэдэг зориулалтын эпокси цавууг хэрэглэн нөхөлт хийв. Дурсгалын гадаргууг сайтар цэвэрлэж хатаасны дараа эпокси цавуу (55-60%)-нд чулууны нунтаг үйрмэг (35-40%) болон Баян-Өлгий аймгийн Булган сумаас олборлож байсан цэвэр байгалийн гаралтай хуурай пигмент (5%)-ийг өнгө будгийг ойртуулах, дөхүүлэх зорилгоор хольж зууран хонхойлгон сийлсэн хэсэгт нарийн гар багаж ашиглан шавж, нөхөлт хийж сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэв. Уг дурсгал орших тус газар нь 2450 м өндөрт орших ба байгаль, цаг уурын онцгой ширүүн бүсэд байрлаж байгаа нь сэргээн засварлах ажилд хэрэглэсэн материалын чанарыг шалгах онцгой нөхцөл болох юм.
Дээрх хоёр жилийн хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн болон өмнө нь дурсгалт газрыг судалсан эрдэмтэн, судлаачдын бүтээлд түшиглэн Соёлын өвийн үндэсний төв, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн музей, Алтайн нурууны хамгаалалтын захиргаатай хамтран олон нийтэд Монгол Алтайн хадны зургийг хүртээмжтэй байдлаар цахим орчинд сурталчлах https://mongolaltai.mongoluv.mn цахим хуудас, хадны зургийн хадгалалт хамгаалалтыг сурталчилгаагаар дамжуулан сайжруулж, орон нутгийн иргэдийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх “Дэлхийн өв- алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгал” хадгалалт хамгаалалтын гарын авлага-зөвлөмжийг боловсруулан түгээх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлж байна.