Судлагдсан байдал

1994

1994 онд Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нараар удирдуулсан Монгол-Орос-Америкийн хамтарсан экспедиц Улаанхус сумын нутаг Цагаан салаа/Бага ойгор, Хар Ямаагийн хадны зургийн дурсгалыг илрүүлэн олов.

Цагаан салаа/Бага ойгорын хадны зургийг тус хамтарсан экспедиц 1994 -2005 он хүртэл судалсан байна. Хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн ажээ. Нэг бул чулуун дээр 1-180 орчим зураг дүрс сийлсэн байгаа бөгөөд бид тус цогцолбор газарт ойролцоогоор 75 000 - 100 000 хүртэл зураг дүрс байна хэмээн тооцоолжээ.

1995

1995 онд Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон нар Цэнгэл сумын нутаг Шивээт хайрханы орчмын хадны зургийн дурсгалуудыг анх нээн илрүүлжээ.

Шивээт хайрханы хадны зургийг Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нараар удирдуулсан Монгол-Орос-Америкийн хамтарсан экспедиц 1995-2004 он хүртэл 6 удаа хээрийн шинжилгээний анги зохион судалсан байна. Шивээт хайрханы дурсгалууд нь 10000 гаруй зохиомжоос бүрдэх болохыг тогтоосон ажээ.

1998

1998 онд Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон нар Цэнгэл сумын нутагт орших Арал толгойн хадны зургийг олж илрүүлсэн байна.

1999

Арал толгойн хадны зургийг 1999-2001 оны хооронд судалгаа явуулж 170 орчим зохиомж бүхий 300 орчим зургийг хуулбарлан авч нийтийн хүртээл болгожээ.

2001

2001 онд Францийн Парис хотноо "Төв Азийн хадны зураг" хэмээх олон улсын төслийн хүрээнд Цагаан салаа/Бага ойгорын хадны зургийн ном хэвлэгдэн дэлхий нийтийн хүртээл болов.

2005

2005 онд Новосибирск хотноо В.Д. Кубарев, Д. Цэвээндорж, Э. Якобсон Петроглифы Цагаан-салаа И Бага-ойгура (Монгольский Алтай) орос хэлээр хэвлэгдэв.

Мөн онд Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон-Тепфер нарын бичсэн Арал толгойн хадны зураг ном Улаанбаатар хотноо Монгол, Англи, Орос хэл дээр хэвлэгдэн гарлаа.

2009

2009 онд Новосибирск хотноо В.Д. Кубаревын Петроглифы Шивээт-Хайрхана (Монгольский Алтай) хэмээх бүтээл хэвлэгдэн гарав.

2010

2010 онд Д. Цэвээндорж, В.Д. Кубарев, Э. Якобсон Шивээт хайрханы хадны зураг хэмээн бүтээл Улаанбаатар хотноо монгол хэл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн байна.

2011

2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэгдэв.

2018

2018 онд Монгол Улсын Засгийн газрын 299 дугаар тогтоолоор Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоог батлаж, 2020 оноос хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарав.