ДӨ-Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ ХАДНЫ ЗУРГИЙН ЦОГЦОЛБОР

Монгол Улсын Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм.

Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт орших бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Арал толгой, Шивээт хайрхан, мөн аймгийн Улаанхус сумын Цагаан салаа/Бага-Ойгор хэмээх газарт буй хадны зураг хамаардаг байна.

Хадны зургийн дурсгалт газрын эзлэх талбай, тоо хэмжээ, шинжлэх ухааны үнэ цэнэ, түүх, соёл, урлаг уран сайхны ач холбогдол, илэрхийллээрээ адил төрлийн дурсгалт газруудаас томд тооцогддог бөгөөд үүнийг ч дэлхий дахины эрдэмтэн, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

ЦАГААН САЛАА / БАГА ОЙГОР

Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургийн дурсгалт газар нь Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойш 140 км орчим зайд, Улаанхус сумын нутагт орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 2100 га, хамгаалалтын бүс 3600 га, нийт 5700 га-гаар хамгаалалтын бүсийг тогтоосон байна.

Тус хадны зургийн цогцолбор дурсгал нь Бага Ойгор голын баруун, зүүн эргийн дагуу 20-иод км, мөн Цагаан салаа, Бага Ойгорын голын зүүн эрэгтэй нийлсэн энгэр сугаар 400 орчим метр дээш сунан үргэлжилсэн байдалтай оршино.

Нийт хадны зургийг Цагаан салаа 1-5, Бага ойгор 1-5 гэсэн 10 хэсэг болгон хувааж бүртгэн тэмдэглэсэн байна. Судлаачид хадны зургуудыг 2000 орчим ургаа хад болон бул чулууны гадаргуу дээр сийлсэн болохыг тогтоожээ. Нэг бул чулуун дээр дунджаар 1-180 орчим зураг, дүрс сийлсэн байгаа бөгөөд тус цогцолбор газарт ойролцоогоор 75 000 - 100 000 хүртэл зураг, дүрс байна хэмээн тооцоолжээ.

Цагаан салаа, Бага Ойгорын хаднаа чулуун үе зэвсгийн үе (одоогоос 40-12 000 жил), хүрэл, төмөр зэвсгийн түрүү үе (одоогоос 4-2 000 жил), Түрэг, Уйгур үе (одоогоос 1400-1200 жил)-д холбогдох хадны зургууд байгаа боловч ихэнх зураг нь хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогддог байна.

Эндэхийн хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад мал гаршуулж буй, олноороо хоморголон ан ав хийж буй, үхэрт нуруу ачаа ачиж буй, сүйх тэрэгтэй явж буй, эр эмийн ёс үйлдэж буй зэрэг янз бүрийн өгүүлэмжтэй зургууд маш олноороо нэг талбайд байдгаараа онцлогтой. Цагаан салаа, Бага Ойгорын хадны зурагт үхрийн дүрслэл олон тоотой бөгөөд онцгой чухал байр суурийг эзэлнэ. Үхрийн толгой, эвэр, их бие, сүүл зэрэгт нар дүрсэлсэн нь тэнгэрийн амьтан болохыг бэлгэдсэн бололтой. Мөн үхэр агнаж буй анчин, үхэр хөтөлж яваа, үхэр унасан, үхэрт ачаа ачсан зэрэг баялаг сэдэв, зохиомжоор дүрсэлжээ. Үхрийн нуруунд янз бүрийн хэлбэртэй ачаа, ачаан дотор суусан хүүхэд, олон урт залмыг ачаанаас дээш гозойлгон дүрсэлсэн байдаг нь аж ахуй, зан заншил, оюуны соёлын олон талыг харуулсан эртний хүмүүсийн түүх, соёлын чухал баримт болох юм.

ШИВЭЭТ ХАЙРХАН

Цэнгэл сумын нутаг Шивээт Хайрхан уул, түүний хоёр талаас урсах Цагаан салаа, Хар салаа хоёр голын савд орших Хөх чулуу, Хар чулуу зэрэг газарт орших хадны зургийн дурсгалт газар нь нийт 240 гаруй хаданд зурсан зохиомж зурагнаас бүрдэнэ. Тус дурсгалт газар нь Цэнгэл сумын төв Хөшөөт суурингаас 80 орчим км зайд орших бөгөөд хамгаалалтын үндсэн талбайг 9,000 га, хамгаалалтын бүс 6,300 га, нийт 15,300 га талбайг хамарна.

Шивээт хайрханы хадны зураг нь Монгол Алтайд аж төрөн нутаглаж байсан овог, аймгуудын хүрлийн түрүү үеэс Түрэгийн үе хүртэлх түүхийн нэн урт хугацаанд хамаарах боловч зургуудын ихэнх хувийг хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед үйлдсэн бөгөөд голчлон “амьтны загварт” аргаар дүрсэлсэн буга, шувуу, марал буга болон тэмээ унасан хүмүүс, дайчдын тулаан, зэр зэвсэг, хүүхдээ тэвэрсэн эхийн дүр, эр эмийн ажил хийж буй хүмүүсийн дүрслэл хийгээд эртний туг, далбаа, адуу, үхэрт хөллөсөн тэрэг, гэр оромж гэмээр зүйлсийг дүрслэн зуржээ.

Монгол Алтайн нуруунаас морин тэрэг дүрслэсэн 100 орчим зураг олдоод байгаа бөгөөд Шивээт хайрханы нэгэн хаднаа том, жижиг хэмжээтэй янз бүрийн хийцтэй 60 орчим эртний тэрэгний зураг олдсон нь эртний морин тэрэг судлалд чухал хэрэглэгдэхүүн бөгөөд ийм сонирхолтой олон тэрэгний зураг нэг дороос олдож байгаагүй аж.< p >Мөн нэг хаднаа хос морь хөтөлсөн хоёр том дугуйтай тэргэн дээр зогсож яваа хүнийг гэзэг үс, зэр зэвсэг, хувцас зэргийг маш нарийнаар дүрсэлж үзүүлсэн нь судалгааны чухал хэрэглэгдэхүүн болохыг судлаачид тэмдэглэсэн байна.Бас нэг сонирхолтой дүрслэл нь олон тооны ачаатай үхэр болон хүн, амьтдын дүрслэл юм.Эдгээрийн дотор нум сумаар харвалдан тулалдаж буй хүмүүс бий.Үхрийн сүүлийг том дугуй дүрсээр чимж үзүүлсэн нь сонирхол татаж байна.

АРАЛ ТОЛГОЙ

Алтай Таван Богдын өвөр биеэс эх аван урсах Хар салаа, Цагаан салаа голын уулзварт орших Хурган нуур, Хотон нуур хэмээх хоёр залгаа нуурын хойд талд орших жижиг толгойг Арал толгой гэнэ. Тус дурсгалт газар нь Цэнгэл сумын төв Хөшөөт суурингаас 150 орчим км зайд, хилийн заставын орчим байрлана. Арал толгойн дурсгалт газрын хамгаалалтын үндсэн талбайг 200 га, хамгаалалтын бүсийг 800 га, нийт 1000 га-аар тогтоосон бөгөөд хамгийн бага талбайг хамарна.

Арал толгойн өвөр болон оройн хэвтээ хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсэн байдаг. Эдгээрээс судлаачид 170 орчим хадны зургийг баримтжуулан судалсан ба ихэнхийг нь мезолит, неолит, хүрэл зэвсгийн үеийн анчдын бүтээсэн дурсгал хэмээн үзсэн байна. Үүнд, махир эвэртэй хоёр үхрийн гадаад тэгийг хөвөөлөн цохиж, эхлээд дутуу орхисон зураг нь Монголын хуучин чулуун зэвсгийн үед холбогдох Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадны зурагтай, мөн нэг үхрийн зургийн дээр хожим янгирын зургийг давхардуулан сийлсэн болон шувууны дүрсийг хамт цоолборлосон байдаг нь Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйн зосон зурагт дүрсэлсэн тэмээн хяруулын зурагтай ижил төсөөтэй зэрэг шинжээрээ эртнийх болохыг нотолж байгаа аж. Хадны зургийн хамгийн эртнийх нь адуунаас томоор дүрсэлсэн тэмээн хяруул, адууны дүрс бүхий зохиомжууд, буга, үхэр зэргийн зураг бөгөөд зарим зургийг зориуд гүйцээлгүй дутуу орхисон байдаг нь эртний шинж аж.

Мөн эндэхийн хаданд тэмээ, үхэр унасан, ачсан, морь мал хөтөлсөн зураг байхгүй бөгөөд Төв Азийн нутагт тэмээн хяруул нутаглаж байсан үе болон хадны зурагт тусгалаа олсон бусад амьтдын зураг, нум сум, богино жадны хэлбэр төрх зэрэг тооны хувьд харьцангуй цөөн хэдий ч хадны зургийн эртнийхийг мезолитын үед урлажээ хэмээн баттай үзэхэд хүргэсэн байна.

Арал толгойн хадны зургийн ихэнх хэсгийг хүрэл зэвсгийн үед бодит байдлаар дүрслэн бөгөөд 272 зургаас зөвхөн 3 зураг (хоёр нь мал аж ахуйтай холбоотой) болон богино жад, алхан зээтүү, эртний энгийн богино нум сумаар ан хийж буй анчдын зураг зэрэг нь эрт үед холбогдох юм.

Арал толгойн хадны зургийн дүр, зохиомж бүрийг нарийвчлан судалсны үр дүнд тэдгээр зургийн ихэнх хэсэг 90 хувь орчим нь зэрлэг ан амьтад ба ан агнууртай холбоотой байхад, зөвхөн 7 хувь орчим нь мал ба мал аж ахуйтай холбоотой байна. Иймээс Арал толгойн хадны зураг үндсэндээ эртний анчдын бүтээсэн дурсгал болж байгаагаараа онцлог юм.